Ном бол ертөнцийг харах цонх мөн.

Sunday, March 17, 2013

Миний шүтээн

Би Монгол хүн

Чойжилын Чимэд
Би Монгол хүн

Аргалын утаа боргилсон
Малчны гэрт төрсөн би
Атар хээр нутгаа
Өлгий минь гэж боддог
Цэнхэр манан суунагласан
Алсын барааг ширтээд
Цэлгэр сайхан нутгаа
Сэтгэл бахдан харахад
Үлээж байгаа салхи нь
Үнсээд ч байгаа юм шиг
Өршөөлт ээжийн минь гар
Илээд ч байгаа юм шиг
Энэрэнгүй сайхан санагдахад
Элэг зүрх минь догдолж
Хосгүй баярын нулимс
Хоёр нүдийг минь бүрхдэг.
Өргөн сайхан нутгийнхаа
Өвчүүн дээр нь төрөөд
Өнөр уудам талынхаа
Өнгөт амьдралын төлөө
Амь биеэ зориулдаг
Ариун нандин заншилтай
Өвгөд хөгшид дээдсийн минь
Үрээ гэж найдаад
Үлдээж надад өгсөн
Өнөр Монгол орны
Нар нь намайг гийгүүлж
Нарийн салхи нь үлээж
Найртай сайхан орон минь
Надтай хувь нэг байдаг тул
Унасан энэ нутгаа би
Эхийн сүү шиг санадаг
Энэ нутагтаа би эзэн нь юм
Энхрийлэлд нь өссөн хүү нь юм
Ирээдүйг нь түмэнтэйгээ босголцох
Их үүргийг хүлээсэн юм
Хэрэв хүн эх орноо
Хамгаас үнэтэй гэдэг бол
Хээр тал нутгаа юунаас ч илүү санадаг бол
Ажиллах хөдлөх бүрдээ
Ард түмнийхээ төлөө
Алхах гишгэх болгондоо
Аугаа орныхоо төлөө бол
Алтан шороо руугаа дайрсан
Атаатны хорт сумыг
Аюуш шиг цээжээрээ таглаж
Амиа өгөхөөс буцахгүй бол
Энэ хүн Монгол хүн
Эх орондоо хайртай хүн
Энэ хайр нь монголчуудад
Эртнээс хэвшсэн хайр билээ
Би Монгол хүн болохоор
Биндэрьяа нутгийнхаа төлөө
Бие амь бүх насаа
Авч байгаа амьсгалаа
Оргилж байгаа зоригоо
Алины нь ч хайрлалгүй зориулдаг
Төрөлх нутгаа гийгүүлсэн
Нарны туяанд хайртай би
Төвшин талдаа цуурайтсан
Эгшигт дуунд дуртай би
Ханагар чөлөөт нутгаа
Харах тусмаа баясаж байна
Халуун амиа хайрлахгүй
Зүтгэх зориг нэмэгдэж байна
Онгирч хөөрсөн сэтгэлээс биш
Оргилсон баярт сэтгэлээ
Орчлон дэлхийн өмнө
Одоо дахиад давтах юм бол
Би Монгол хүн болохоор
Нарлаг Монгол нутгийнхаа
Найдварт хөгжлийн төлөө
Насаа зориулсан улс аа
Анд нөхөдтэйгээ
Алаг бяруу шиг номхон байна гэж
Алалдах дайсан учирвал
Арслан бар шиг догшин байна гэж
Зөвхөн үг хэлээрээ зогсоогүй
Зүрх сэтгэлээрээ монголжсон
Зүг зүгийнхээ ах дүү нарын өмнөөс
Зүглэж хэлэхэд бэлэн байна


Аавдаа хэлэх үг

Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг

Monday, March 11, 2013

Өөрийгөө хөгжүүлэх 24 арга

Өөрийгөө хөгжүүлэх 24 арга

1.    Өдөр бүр ном унш. Ном бол хүний тархийг задалж, амьдралыг дүгнэх, анализ хийх чадварыг өгдөг. Их юм унших тусам тархинд байх мэдлэг тэлэхээс гадна таны бүх мэдлэг системчилэгдэж эхэлдэг. Өөрөөр хэлбэл мэдээлэл цогц бүрэлдэх юм.
2.    Шинэ хэл сур. Шинэ хэл сурна гэдэг шинэ соёлтой танилцаж байгаа хэрэг билээ.
3.    Шинэ хоббитой бол. Нэг хэвийн дадал болсон зүйлсээсээ гадна шинэ зүйлийг сонирхож эхэл. Спорт, хөгжим юу ч байж болно. Шинэ зүйл сурах, шинэ ур чадвар эзэмших нь бие болоод сэтгэлийг өөрөөр сэтгэхийг шаарддаг.
4.    Шинэ курсэд бүртгүүл. Танд хамрагдахыг хүсдэг курс, дамжаа бий юу? Энэ бол цагийг зугаатай, үр бүтээлтэй өнгөрөөх боломж. Урт хугацаатай байх албагүй. Хамгийн гол нь танд гоё  дурсамж, сайн туршлага үлдээх ёстой юм.
5.    Айдсаа ялан дийл. Хүн бүрт айдас бий. Тодорхой бус байдлаас үүссэн айдас, олны өмнө үг хэлэхээс айсан айдас, эрсдэл хийхээс айх гээд энэ бүх айдас биднийг өсөж дэвшихэд саад хийсээр байдаг.
6.    Ур чадвараа дүгнэ. Хүн бүр аливаа зүйлд өөр өөр ур чадвартай байдаг. Харин бүх талбар дахь ур чадвараа дээшлүүл. Өөрөөр хэлбэл бүх зүйлд төгс болох гэж хичээ.
7.    Эрт бос. Эрт босож сур. Бүтээлч хүн хэзээд үд хүртэл унтдаггүй.
8.    Дасгал тогтмол хий. Идэвхтэй амьдрал зөвхөн хичээл, ажил бус бас идэвхтэй дасгал хөдөлгөөнийг шаарддаг. Тэгэхээр долоо хоногт 1-2 удаа спортоор хичээллэх эсвэл дасгал хийж байх хэрэгтэй.
9.    Өөрийн ирээдүйн амьдралаа төлөвлөж бич. Ирээдүйд хэн болохыг хүсэж байгаа, 5 жилийн дараа хаана байх, хэдэн төгрөгний орлого хүсэж байгаа гээд бүгдийг бичиж төлөвлөх хэрэгтэй. Тэгээд түүнийгээ байнга харж, түүндээ хэрхэн хүрэх талаар бодож төлөвлөж байх хэрэгтэй.
10.    Дасал болсон газраасаа холд. Жинхэнэ үр дүн хүнд хөдөлмөрийн дүнд бий болдог. Амар тайван газар хүн хөгжиж дэвших нь ховор. Тиймээс ямар нэг өөр зүйлсийг хий. Огт очиж үзээгүй газар оч.
11.    Өөрийгөө сорь. Өрсөлдөөн, сорилт хүнийг хатуужуулдаг. Хэл сурч байгаа бол сард хэдэн шинэ үг сурч чадахаа хар. Хэрвээ турах гэж байгаа бол сард хэдэн хил хасаж чадахаа үз.
12.    Бусдын бодлыг сонс. Хүн өөрийн дутагдалаа харж чаддаггүй. Харин бидний дутагдалыг хөндлөнгийн хүн хамгаас сайн олж хардаг билээ. Тиймээс үе үе өөрийн талаарх бусдын бодлыг сонсож бай.
13.    Хийх ажлын төлөвлөгөө гаргаж сур. Төлөвлөгөөгүйгээр ажиллах нь заримдаа их зүйлийг амжуулахад хүргэдэг ч ихэнх тохиолдолд үр бүтээл муутай байдаг. Өдөр бүр орой унтахаасаа өмнө эсвэл ажил тарахын өмнөхөн маргааш хийж амжуулах ажлын төлөвлөгөөнүүдээ гаргаж занш. Харин тэрхүү төлөвлөгөөгөө аль болох шахуу, үр бүтээлтэй байхаар төлөвлө. Хамгийн гол нь төлөвлөгөөний дагуу ажиллах нь гол нь гэдгийг санаарай.
14.    Өөрийн сул талаа зас. Хүн бүрт сул тал гэж байдаг. Өөрийн сул талуудаа жагсааж бичээд эхнээс нь ажиллаж эхэл. Ямар сул талаа хэрхэн засах талаар төлөвлөгөө гарга. Харин хэсэг хугацааны дараа та цоо шинэ хүн болсон байх болно.
15.    Таныг гайхашруулдаг хүмүүсээс суралц. Таныг хэн гайхашруулдаг вэ? Тэдэнд таны бас өөртөө эзэмшихийг хүссэн ур чадвар байгаа. Тэгвэл яг чухам ямар зан чанар нь таныг гайхашруулаад байна вэ? Та хэрхэн тэрхүү чадварыг эзэмших вэ?
16.    Муу зуршилаасаа сал.
17.    Шинэ зуршилтай бол. Эрт босох, ном унших, өдөр бүр шинэ үг сурах, өдөр бүр шинэ найзтай болох гээд өөрт хэрэгтэй шинэ зуршилыг өөртөө хэвшүүл. Зөв хэвшил хүний амжилтанд ихээхэн нөлөө үзүүлдэг.
18.    Сөрөг хүмүүсээс хол бай. Хаа ч очсон сөрөг энергитэй хүмүүс олон байдаг. Аль болох тэдний хажууд байхаас татгалз.
19.    Хэцүү хүмүүстэй харьцаж сур. Хэдий харьцахад хэцүү ч салж болдоггүй хүмүүс гэж байдаг. Жишээ нь ажил дээр, сургууль дээр гэх мэт. Хэдий тэд таны нервийг барж байсан ч тэдний аргыг олж харьцаж сур. Тэдэнтэй харьцаж сурсанаар та ирээдүйд ямар ч хүмүүстэй харьцаж чадна гэсэн үг.
20.    Журнал хөтөл. Журнал хөтлөх нь өөрийгаа хянах сайн арга. Өөрт тохиолдсон явдал, хэрхэн шийдвэр гаргасан, шийдвэр ямар үр дүн дагуулсан, энэ асуудлын талаар 3дагч этгээд ямар үзэл бодолтой байсан гээд өөрийн мэдэж авсан, туршлага суусан зүйлсээ бичиж тэмдэглэх нь таныг тэнцвэртэй байлгахад тусалдаг.
21.    Шатар тоглож сур. Сэтгэхүй хөгжүүлдэг тоглоомуудыг тоглож сурах нь амьдралд хэрэгтэй олон стратегиудыг зааж өгдөг байна.
22.    1 сарыг сорилтын сар болго. Ингээд сарын дотор ямар нэг зорилт тавь. Жишээ нь 5 кг хасах, боть ном уншиж дуусгах гэх мэт.
23.    Өнгөрсөнийг тавьж явуул. Өнгөрсөнд болсон таагүй үйл явдал таныг заримдаа гонсойлгодог уу? Хэрвээ тийм бол яг одоо тэдгээрийг тавьж явуул. Тавьж явуулахгүй бол таныг хойш чангааж, урагшлах замд тань саад хийсээр байх болно. Өнгөрсөнийг мартаад, өөрийгөө уучил.
24.    Өдөрт заавал нэг удаа өөрийгөө хөгжүүлэх нийтлэл, зөвлөгөө уншиж бай.
           

Monday, March 4, 2013

Бие даалтын ажлын сэдэвчилсэн төлөвлөгөө



Бие даалт:     Бие даалтын ажлыг танхимын бус цагаар ба заасан хугацаанд хамгаалах шаардлагатай бөгөөд хугацаа хоцорсон тохиолдолд оноо хасагдана.
1-р бие даалт:           Оюутан бүр илтгэл тавих –/3 мин/
2-р бие даалт:           Чөлөөт  сэдвээр эсээ бичих 
3-р бие даалт:           5 - шүлэг цээжилж, уран яруу унших
Бие даалтын ажлын сэдэвчилсэн төлөвлөгөө
Д
Сэдэв
Тавигдах шаардлага
Шалгах хугацаа
Оноо
Шалгах хэлбэр
1
Өөрийн сонирхсон чөлөөт сэдэв
 Илтгэлээ бичиж, бэлтгэн, 3 минутад багтаан уншина.
Y
10
Өөрийн сайн мэддэг сэдвээ сонгон, илтгэл бичиж, унших
2
“Эх орны ирээдүй”, “Ээждээ бичих миний захиа”
1.      Бүтэц, зохиомж, агуулга, санааг оновчтой харуулсан байх
2.      Найруулгын шаардлага хангасан байх
3.      Зөв бичгийн дүрмийн алдаагүй байх
III/15
10

Өгсөн сэдвээс сонгон эсвэл чөлөөт сэдвээр эсээ бичиж, хураалгах
3
6-аас доошгүй бадаг
1.      Уран яруу унших
III-IY
10
Цээжилсэн шүлгээ тод, чангаар уран унших
Нийт оноо
30


Ашиглах сурах бичиг: 
1.      Ц.Сүхбаатар “Монгол хэлний найруулга зүй” 2009 он
2.      Ш.Ичинхорлоо “Сургалтын арга зүйн шинэчлэл” 2009 он
3.      Ш.Ичинхорлоо “Дээд сургуулийн сургалтын онол арга зүй”
4.      Ж.Бат-Ирээдүй “Монгол хэлний хэлц үг, хэллэгийн утга, хэрэглээ”  2007 он
5.      Д.Отгонсүрэн “Монгол хэлний найруулга зүй”
6.       Ц.Сүхбаатар “Найруулан бичих арга ухаан” 2000 он
7.      З.Ганболд, Ё.Сэвжидгоцлол “Монгол хэлний үгийн сангийн найруулга зүй” 2002 он 
8.      Ц.Оюун Зөв бичгийн дүрмийн тогтолцоот хураамж 2002 он

тэмдэглэж авах

лекц 2
View more documents from bal12.

Оюутнуудын анхааралд

Эсээгээ 2013 оны 3 сарын 15-ний дотор хураалгана уу.

Sunday, March 3, 2013

Сүнсэнд шингэсэн гэмшил

Ц.Доржготов : Сүнсэнд шингэсэн гэмшил       
Утгын чимэг -2008 наадмын тэргүүн байр эзэлсэн өгүүллэг
Сэдваанчиг Сэрээдэнэ хоёр дөрвөн ханатдаа утаа уугиулж дөнгөхөө болив. Нас гэж талийсан хоёр. Аргагүй л ийм болдог хорвоо байж. Эмгэн "Дулаан газар өвөлжинө" гээд охиныдоо төвлөж, өвгөн уулын мухрын өвөлжөөнд, отгон хүүгийндээ хоцорчээ. "Малын амьсгаа, хөх өтгөнөөсөө хол үхэхгүй" гэж Сэдваанчиг бөглөрөх гэж буй мэнгэртэй цээж хяхтнуулжээ.
Аравдугаар анги дүүргээд сургуулиас завсардсан хоёр ач нь, отгон хүү бэр хоёрт нь бүл болохоор тэднийд өвгөнтэй хамт өвөлжив. Хоёр ач, отгон хүү бэртэйгээ Сэдваанчигт тун сайхан. Гэхдээ насыг хамт элээсэн эмгэнээ сэмхэн их үгүйлнэ. Тэрсхэн хоёр ач нь дүрсгүйтэх нь ядарсан өвгөнд халгаатай ч, "тэсвэрлэе" гэж хатуу шийдсэн учир нүд аньж, эрхи эргүүлсээр өдрийг барна. Хааяа амсхийх зуур хоёр ачдаа бөх ярьж, шилээ шөргөөж, цээж ханхалзуулах санаатай. Уг нь мань эр залуудаа бузгай барилдаж, сумын наадамд түрүүлж байсан агаад бяр нь багтахгүй бөх болж харагдахын тулд хоолойгоо шахаж бүдүүн дуугарах, их идэх гэж мангарлах, мөн бөхөрхүү алхаа гишгээгээр алцганаж явсан нас түүнд бий. Зөнөг өвөөгөө уйдсан хоёр ач нь ёргионо. Өвгөн янхир араг яс хэрзэгнүүлснээ юм бараг үзэхээ больсон мөндөр шиг хоёр цэхэр нүдээр ач нарынхаа бие бялдрыг шинжлэн гөлөрч гөлөрч,
-Та муу хоёр золигт уг нь бөхийн удам гарцаагүй байх ёстой сон гэж сөөнгөдөхөд эцэнхий нүүрт нь удахгүй учрах үхлээ мартсан баяр гийх агаад архаг мэнгэрийн цэр дүүрсэн цээж удахгүй унтрахын дохио юу гэлтэй, ой гутам хэржгэнэснээ нэгэн битүүхэн дорой авиа болон тээр цааш хяхтнасаар завхрав.
Өвгөн гэр дулаацсан хойно яарамгүй өндийнө. Нэг өглөө хоёр ач нь малдаа явахын өмнө дундаа түмпэнтэй мах тавьчихсан идэж сууснаа хоорондоо шивнэлдэж, хөхрөлдөөд байх юм. Өвгөн сэм харвал бөхийн удамт нөгөө хоёр чинь үхрийн бадруун сээр хуга шаах гэж буй бололтой. Ээлжлээд л нөгөө сээрийг нүцгэн нударгаараа дэлсэх юм. Сээр хугардаггүй ээ. Дахиад л гөвших юм. Өвгөн "Зөв! Дахиад сайн шаа!" гэж сэм дэмжив. Нөгөө хоёрын гар нь өвдсөн бололтой "ёо ёо" гээд гараа үлээцгээн, унан тусан хөхрөлдөж хөхрөлдөж, сээрээ хугалж дийлэлгүй гарцгаав. Өвгөн "Эвий нь л олсонгүй дээ. Тэрнээс биш сээр хуга шаадаг л юм гэсэн. Би тэгж сээр хугалж үзээгүй ээ. Хоёр хүү минь эвий нь л олсонгүй. Миний удамд сээр хуга шаах хүү заавал байх ёстой сон" гэж хэвтлээ.
Сэдваанчиг босож, бэрийнхээ гарын цайг зооглож, цагаан тос, зөөлөн боов шүдгүй амандаа маймарч сууснаа түмпэнтэй мах авч, амандаа үмхчихмээр зөөлөн юм эргүүлдэв. Тэгтэл хоёр ачий нь хугалж дийлээгүй мөлжүүртэйгээ үхрийн сээр нүдэнд тусчээ. Өвгөн сээрийг авч, эргүүлж тойруулж үзсэнээ хэрзгэр том ясан гараараа дэлсэж орхитол сээр хуга үсрээд, хоёр хэсэг болон түмпэнд тонхийн ойчив.
Гайхсан бэрий нь нүд орой дээрээ гарснаа, -Аав аа, та яасан мунадаг юм бэ гэж дуу алдахад Сэдваанчиг додигорхон зуумалзсан боловч, бярандаа таарсан хариу үг олсонгүй. Эзгүй ууланд өвөлжингөө уйссан бэр, гадаа үхрийн зэл цэвэрлэж буй хоёрт, зэлүүд нутагт ховор юмны нэг, хөгжилтэй мэдээ дуулгаж, баясгахаар нөгөө хугархай сээрийг нэг нэгээр нь хоёр гартаа олимпийн бамбар мэт мандуулсаар гарч гүйлээ. Өвгөн их маадгар "Хоёр ачийгаа хугарсан сээр үзээд яах бол?" хэмээн хэ хэ гэсээр хоцров.
Зэлний хүйдэс хамж байсан нөгөө хоёр руу бэргэн гүйж очоод хугархай сээрээ үзүүлж,
-Та муу хоёр үүнийг хар! Намайг харж байхад аав ганцхан шаагаад ингээд хоёр хэсэг болгочихлоо гэвэл нөгөө хоёр үхтлээ инээж,
-Үгүй ээ! Наад сээрийг чинь, бид хоёр өвөөд мэдэгдэлгүй төмрийн жижиг хөрөөгөөр сэм хөрөөдөөд, арай салгалгүй хөрөөдсөн газраа өөхөөр сайн шаваад тогтоочихсон юм. Харин та өвөөд битгий хэлээрэй! Бид хоёр өвөөгөө үхэхээс нь өмнө ганц сайн баярлуулах гэсэн юм гээд хоёул гэрт уралдан гүйж орлоо. Тэгээд бөх өвөөдөө,
-Өвөө та ямар мундаг юм бэ? Та яаж тэр үхрийн сээрийг хуга шааж чадав аа? Бид хоёр таван сарвуугаа бяцартал зөндөө гөвшөөд хугалж дийлээгүй юм шүү дээ?! гэвэл өвөө нь баяртайгаар,
-Юманд чинь эв гэж бас байдаг юм! Дан хар бяраар бөх болохгүй шүү гэж сургамжилсан харцаар мялаажээ.
Дүрсгүй, уйдсан хоёр ач нь "Өвөө та одоо ийм бяртай байгаа юм чинь залуудаа ёстой аварга бөх байсан байх аа" гээд толгой сэгсрэн магтлаа! Хоёр ачийнхаа магтаалыг Сэдваанчиг сонсоод сэтгэл нь хөөрсөндөө умс шиг хөх нүүрээ үрчийлгэн уйлах дөхөв. Ач нарын нь хоолой зангирсан хэдий ч, "Манай өвөө гартаа ямар аймаар хүчтэй юм бэ?" гэж шогширсоор. Өвөө нь хөөрч хэнхэлзсээр. Үндсэндээ тэр гурав ийнхүү наргиж, урт өвлийг барж буй билээ. Хавар болж, газрын дор бууж, дулаарч, тараг сүү дэлгэрэх үед эмгэн Сэрээдэнэ хөдөөлж, хоёр биенээ сана¬сан өвгөн эмгэн хоёр дөрвөн ханатаа юуны түрүү овойлгов. Хоёул тусдаа амьдрах нэг л ондоо. Сүүлийн жилүүдэд хоёул яльтай яльгүй юмнаас болж үг сөрмөлцөж, муудалцах, тэр ч байтугай, хэрэлдэх болсон гээч. Өвлийн хэдэн сарыг тус тусдаа өнгөрөөсөн хоёр хөгшин бие биедээ их л эелдэг хэд хонов.
 Тэгтэл хэрэг бишидлээ. Олон хүүхэд, ач зээ нараасаа болж тэр хоёрын хэрүүл үүсдэг юм. Бас л тэгжээ. Өвгөн хэнийг зэмлэж, хэнийг буруутгана, тэр болгоныг эмгэн тас өмөөрнө. Өвгөнд энэ нь их лайтай. Эмгэн ямагт өвгөнийг үгүйсгэж, хүүхдүүдээ зөвтгөнө. Хүүхдүүдээ дэс дараалан зөвтгөж, өвгөн тэр болгонд, дэс дараалан буруудна. Хэрүүл ингэж цааш үргэлжлэхэд, эцэстээ өвгөний тэвчээр барагдаж, уур нь оргилж, байх суух газраа олж ядна. Уухилна. Оволзоно. Хүүхэд бүрээ зөвтгөж, өвгөнийг буруутгах гэж ухаангүй улайран зүтгэх эмгэндээ хэлэх муу үг олсонгүй. Дэмий л,
-Чи муу төрийн хутгуур гэж цоллов.
 Хамгийн муу үгээ цээрлэлгүй хэлж, өшөөгөө авч буй нь тэр.
Хэрүүл дээр санаандгүй орж ирсэн отгон хүү нь, эргэнэг хавиар идэж уух юм хайнгаа, хоёр бие рүүгээ давшлан хэрэлдэж буй зөнөг эцэг эх хоёрыгоо харж харж,
-Яваад бай, яваад бай! Давшаад бай, давшаад бай гэж ташуур өгч, дохуурхаад гарч одов.
 "Төрийн хутгуур" гэсэн үгний учрыг эмгэн сайн олоогүй ч сүрхий хорсчээ. Хэрүүлд улангасахаараа давахын төлөө хамгийн муухай хорон үг олж хэлэх гэж хорхойсдог эмгэний удмын гажиг сэдэрч, -Чи өөрийгөө их сүрхий хүн гэж бодож байна уу? Тэр үхрийн сээрийг чинь, хоёр ач чинь төмрийн хөрөөгөөр хөрөөдөж, хөрөөдсөн ормоо царцуу өөхөөр шавж тогтоогоод чамайг дамшиглах гэж түмпэнд тавьчихсан юм гэсэн шүү, зөнөг толгойт оо! Чи муу хөрөөдсөн сээр хуга шаачихаад, зөнөгөө мэдэхгүй онгирч, хүүхдүүдийнхээ элэг доог болсноо одоо мэдэж ав!.. Хэлэх үггүй болов уу, хэрүүлч ээ?.. Ичиг, ичиг гэж хорыг нь малтав.
Өвгөн нэг л хачин, сэжигтэй, таг чимээгүй болчихсон гэнэ. Тэр дахиж үг унагасангүй. Хэвтээд өгч.
Удалгүй өвгөний лагшин гэнэт чилээрхэв. Хамгийн аймшигтай нь өвгөн буруу харж хэвтчихээд дуугардаггүй. Эмгэн ухаангүй сандарлаа. Эр хүнийг эр чадлаар нь басамжилна гэдэг ийм аюултай ажээ. Сүүлдээ цөхөрсөн эмгэн өвгөндөө "Тэр сээр чинь хөрөөдөөгүй сээр байсан юм. Би уурандаа чамайг дийлэх гэж хөрөөдсөн сээр гэж худал хэлсэн юм" гэж аргадсан боловч Сэдваанчиг бас л дуугарсангүй. Өвгөн нь, тиймхэн залинд хууртагдахаар хүн биш гэдгийг Сэрээдэнэ чавганц дэндүү сайн мэдэх тул яаж ч чадахаа болилоо.
Өвгөн дуугарахгүй буруу харж хэвтсэн чигтээ хэд хоноод 90 насандаа амьсгал хураав. Эмгэн орилоод салдаг¬гүй. "Би юунд тийм хэрэг хийв ээ?" гэж уйлаад, гэртээ хүн ороход дургүйцэж, гав ганцаар мэгшихийг хичээнэ. Хөөрхий тэр чавганц, бас удахгүй бололтой. Өвгөнөө гомдоогоод явуулчихсан. Өвгөн нь ганц удаа ч эргэж хараагүй. Ганц үг ч хэлээгүй. Ийм их харууслыг өтөл эмгэн даахгүй нь түмэн зөв. "Явах" гэж морио эмээллэ¬чихсэн өвгөнд хөндлөнгийн ялимгүй шалтаг таарвал түүнийг аваад залрах эгзэгтэй мөч отож байсныг эмгэн анзаарсангүй. Өчүүхэн утсанд амь нь дөнгөж торж байсныг мэдсэнгүй. Эмгэний харуусал зүрхтэйгээ цуг мөхдөг болов уу, эсвэл сүнсэнд нь шингээд, хойт насанд нь буухиалдаг болов уу?.. Яадаг бол?..
Тэнэг тоглоом оо гэж?!.. Заримдаа бас гай чирдэг ажээ!