Ном бол ертөнцийг харах цонх мөн.
Showing posts with label Зөвөлгөө-1. Show all posts
Showing posts with label Зөвөлгөө-1. Show all posts

Monday, March 11, 2013

Өөрийгөө хөгжүүлэх 24 арга

Өөрийгөө хөгжүүлэх 24 арга

1.    Өдөр бүр ном унш. Ном бол хүний тархийг задалж, амьдралыг дүгнэх, анализ хийх чадварыг өгдөг. Их юм унших тусам тархинд байх мэдлэг тэлэхээс гадна таны бүх мэдлэг системчилэгдэж эхэлдэг. Өөрөөр хэлбэл мэдээлэл цогц бүрэлдэх юм.
2.    Шинэ хэл сур. Шинэ хэл сурна гэдэг шинэ соёлтой танилцаж байгаа хэрэг билээ.
3.    Шинэ хоббитой бол. Нэг хэвийн дадал болсон зүйлсээсээ гадна шинэ зүйлийг сонирхож эхэл. Спорт, хөгжим юу ч байж болно. Шинэ зүйл сурах, шинэ ур чадвар эзэмших нь бие болоод сэтгэлийг өөрөөр сэтгэхийг шаарддаг.
4.    Шинэ курсэд бүртгүүл. Танд хамрагдахыг хүсдэг курс, дамжаа бий юу? Энэ бол цагийг зугаатай, үр бүтээлтэй өнгөрөөх боломж. Урт хугацаатай байх албагүй. Хамгийн гол нь танд гоё  дурсамж, сайн туршлага үлдээх ёстой юм.
5.    Айдсаа ялан дийл. Хүн бүрт айдас бий. Тодорхой бус байдлаас үүссэн айдас, олны өмнө үг хэлэхээс айсан айдас, эрсдэл хийхээс айх гээд энэ бүх айдас биднийг өсөж дэвшихэд саад хийсээр байдаг.
6.    Ур чадвараа дүгнэ. Хүн бүр аливаа зүйлд өөр өөр ур чадвартай байдаг. Харин бүх талбар дахь ур чадвараа дээшлүүл. Өөрөөр хэлбэл бүх зүйлд төгс болох гэж хичээ.
7.    Эрт бос. Эрт босож сур. Бүтээлч хүн хэзээд үд хүртэл унтдаггүй.
8.    Дасгал тогтмол хий. Идэвхтэй амьдрал зөвхөн хичээл, ажил бус бас идэвхтэй дасгал хөдөлгөөнийг шаарддаг. Тэгэхээр долоо хоногт 1-2 удаа спортоор хичээллэх эсвэл дасгал хийж байх хэрэгтэй.
9.    Өөрийн ирээдүйн амьдралаа төлөвлөж бич. Ирээдүйд хэн болохыг хүсэж байгаа, 5 жилийн дараа хаана байх, хэдэн төгрөгний орлого хүсэж байгаа гээд бүгдийг бичиж төлөвлөх хэрэгтэй. Тэгээд түүнийгээ байнга харж, түүндээ хэрхэн хүрэх талаар бодож төлөвлөж байх хэрэгтэй.
10.    Дасал болсон газраасаа холд. Жинхэнэ үр дүн хүнд хөдөлмөрийн дүнд бий болдог. Амар тайван газар хүн хөгжиж дэвших нь ховор. Тиймээс ямар нэг өөр зүйлсийг хий. Огт очиж үзээгүй газар оч.
11.    Өөрийгөө сорь. Өрсөлдөөн, сорилт хүнийг хатуужуулдаг. Хэл сурч байгаа бол сард хэдэн шинэ үг сурч чадахаа хар. Хэрвээ турах гэж байгаа бол сард хэдэн хил хасаж чадахаа үз.
12.    Бусдын бодлыг сонс. Хүн өөрийн дутагдалаа харж чаддаггүй. Харин бидний дутагдалыг хөндлөнгийн хүн хамгаас сайн олж хардаг билээ. Тиймээс үе үе өөрийн талаарх бусдын бодлыг сонсож бай.
13.    Хийх ажлын төлөвлөгөө гаргаж сур. Төлөвлөгөөгүйгээр ажиллах нь заримдаа их зүйлийг амжуулахад хүргэдэг ч ихэнх тохиолдолд үр бүтээл муутай байдаг. Өдөр бүр орой унтахаасаа өмнө эсвэл ажил тарахын өмнөхөн маргааш хийж амжуулах ажлын төлөвлөгөөнүүдээ гаргаж занш. Харин тэрхүү төлөвлөгөөгөө аль болох шахуу, үр бүтээлтэй байхаар төлөвлө. Хамгийн гол нь төлөвлөгөөний дагуу ажиллах нь гол нь гэдгийг санаарай.
14.    Өөрийн сул талаа зас. Хүн бүрт сул тал гэж байдаг. Өөрийн сул талуудаа жагсааж бичээд эхнээс нь ажиллаж эхэл. Ямар сул талаа хэрхэн засах талаар төлөвлөгөө гарга. Харин хэсэг хугацааны дараа та цоо шинэ хүн болсон байх болно.
15.    Таныг гайхашруулдаг хүмүүсээс суралц. Таныг хэн гайхашруулдаг вэ? Тэдэнд таны бас өөртөө эзэмшихийг хүссэн ур чадвар байгаа. Тэгвэл яг чухам ямар зан чанар нь таныг гайхашруулаад байна вэ? Та хэрхэн тэрхүү чадварыг эзэмших вэ?
16.    Муу зуршилаасаа сал.
17.    Шинэ зуршилтай бол. Эрт босох, ном унших, өдөр бүр шинэ үг сурах, өдөр бүр шинэ найзтай болох гээд өөрт хэрэгтэй шинэ зуршилыг өөртөө хэвшүүл. Зөв хэвшил хүний амжилтанд ихээхэн нөлөө үзүүлдэг.
18.    Сөрөг хүмүүсээс хол бай. Хаа ч очсон сөрөг энергитэй хүмүүс олон байдаг. Аль болох тэдний хажууд байхаас татгалз.
19.    Хэцүү хүмүүстэй харьцаж сур. Хэдий харьцахад хэцүү ч салж болдоггүй хүмүүс гэж байдаг. Жишээ нь ажил дээр, сургууль дээр гэх мэт. Хэдий тэд таны нервийг барж байсан ч тэдний аргыг олж харьцаж сур. Тэдэнтэй харьцаж сурсанаар та ирээдүйд ямар ч хүмүүстэй харьцаж чадна гэсэн үг.
20.    Журнал хөтөл. Журнал хөтлөх нь өөрийгаа хянах сайн арга. Өөрт тохиолдсон явдал, хэрхэн шийдвэр гаргасан, шийдвэр ямар үр дүн дагуулсан, энэ асуудлын талаар 3дагч этгээд ямар үзэл бодолтой байсан гээд өөрийн мэдэж авсан, туршлага суусан зүйлсээ бичиж тэмдэглэх нь таныг тэнцвэртэй байлгахад тусалдаг.
21.    Шатар тоглож сур. Сэтгэхүй хөгжүүлдэг тоглоомуудыг тоглож сурах нь амьдралд хэрэгтэй олон стратегиудыг зааж өгдөг байна.
22.    1 сарыг сорилтын сар болго. Ингээд сарын дотор ямар нэг зорилт тавь. Жишээ нь 5 кг хасах, боть ном уншиж дуусгах гэх мэт.
23.    Өнгөрсөнийг тавьж явуул. Өнгөрсөнд болсон таагүй үйл явдал таныг заримдаа гонсойлгодог уу? Хэрвээ тийм бол яг одоо тэдгээрийг тавьж явуул. Тавьж явуулахгүй бол таныг хойш чангааж, урагшлах замд тань саад хийсээр байх болно. Өнгөрсөнийг мартаад, өөрийгөө уучил.
24.    Өдөрт заавал нэг удаа өөрийгөө хөгжүүлэх нийтлэл, зөвлөгөө уншиж бай.
           

Sunday, January 2, 2011

Өглөөний санамж

Өглөө болгон эртлэн босч
Өндөр тэнгэрийг бүрэн харж бай
Огторгуй хурмаст уужмын хутгаа
Оюун ухаанд чинь хайрлах болно
Орой болгон нэгийг санаж
Одот ертөнцийг хүндэтгэн харж бай
Эрхэст гариг үзэсгэлэнт сүлдээрээ
Үүрд таныг хайрлах болно
Алтан нарыг мандах тоолонд
Алаг зүрхнээсээ догдлон харж бай
Эндэгдэлгүй дэвжихийн учир тавилангаар
Эрдэнэт бөмбөлөг гийх болно
Ухаант хүн та хаана ч явсан
Уулын оргилыг хүндэтгэн харж бай
Баян буурал хангайн хишгээр
Бат түвшин явах болно
Учирсан бүхнийхээ нүүр царайг
Уяхан даруухан инээмсэглэн харж бай
Өнөр өтген урт удаан наслахын
Өлзий буян бүрдэх болно

Thursday, December 16, 2010

Ном хэрхэн унших вэ



Номыг яаж унших вэ?

Ном бол унших, бодох хоёр ухааны дасгал юм.
О.Марден

Хүн мэдээллийн 90 хувийг нүдээрээ харж авдаг. Иймээс хүний хувьд мэдээлэл олж авах гол арга зам нь ном унших, зурагт үзэх, компьютертэй ажиллах явдал болжээ. Ном нь хүнд хэрэгцээт мэдээллийг өгөхөөс гадна эрэгцүүлэн дүрслэн бодох, оновчтой унших арга ухаанд сургагч хэрэгсэл болдогоороо зурагт, компьютерээс давуу талтай. Зурагт, компьютер нь дуу авиа, дүрс хөдөлгөөн ашиглан хүний хүртэхүйд мэдээллийг илүү бодитойгоор, шууд хүргэдэг боловч сэтгэн бодох үйл ажиллагааг орхигдуулж бэлэнчлэх сэтгэлгээтэй болгодог. Мөн нүдний хараа муутгах, хортой цацраг туяа цацруулах зэргээр эрүүл мэндэд хортой юм. Ийм учраас сурагч та нар чөлөөт цагаа зурагт үзэх, комьютер тоглохоос илүү ном уншихад зарцуулж сураарай! Зөвхөн өөрөө уншаад л болоо гэж бодолгүй, бусад хүмүүс ч тэр номыг чинь уншина гэж бодоод номтой зөв харьцаж, цэвэрхэн ашиглах ёстой. Унших номоо сонгохдоо ном бичигдсэн түүхэн цаг үе, түүнд агуулагдаж байгаа утга санааг нэрлэсэн гарчиг, сэдвүүд, хавсралт зураг, мэдээллийн тоо баримт зэргийг үзэж, танилцах ёстой. Ингэж номтой урьдчилан танилцах нь номын агуулгыг төсөөлөхөд дөхөм үзүүлж, хэрэгцээт номоо сонгох хугацааг хэмнэдэг. Номын удиртгал ба оршилд зохиогч нь номын зорилтыг тайлбарлаж, юунд анхаарлаа төвлөрүүлсэн,тэр номыг зохиох болсон шалтгаан, агуулга, зорилтын талаар өгүүлсэн байдаг. Иймээс юуны түрүүнд номын оршил, удиртгалыг уншдаг. Амандаа унших, анхаарлаа төвлөрүүлж унших, санаандаа бодож унших, буцалтгүй унших, нүдээ хөдөлгөн унших, ойлгож тогтоон унших, унших хурд, хэмнэлээ өөрчлөн унших, хэрэгцээт зүйлээ сонгон унших, ойлголтоо гүнзгийрүүлэх зэрэг унших олон арга барил байдаг. Оновчтой уншлага нь дараах гурван арга барилыг заавал багтаасан байна.

1. Гүйлгэн унших
Энэ нь унших ёстой зүйлтэйгээ урьдчилан танилцах үйл ажиллагаа юм. Энэ уншилтаар унших зүйл чинь чиний хэрэгцээ, сонирхолд нийцэж байгаа эсэх, бүрэн сайн уншъя гэвэл хэр удаан унших, ерөнхий агуулга нь юу болох зэргийг олж тогтооно.

2. Хурдан унших
Энэ нь тухайн уншсан зүйлийнхээ гол утга санааг таньж, зөвхөн өөрт хэрэгтэй зүйлдээ анхаарал төвлөрүүлэн, гол гол зүйлийг л тогтоож цээжилсэн байдаг.

3. Удаан нухацтай унших
Энэ нь уншиж байхдаа анхаарлаа төвлөрүүлж, уншсан зүйлээ задлан шинжилж, эрэгцүүлэн бодож, дүгнэлт өгч унших үйл ажиллагаа юм. Аливаа зүйлийг уншихад эхлээд гүйлгэн унших хэрэгтэй байдаг бөгөөд энэ нь тухайн зүйлийг цаг гаргаж унших ёстой эсэхийг шийдвэрлэж, цаг, хугацаа , хүч хөдөлмөрийг хэмнэдэг. Энэ алхамын дараа хурдан унших аргыг хэрэглэнэ. Уншсан зүйл чинь үнэхээр чухал, утга санаа холч гүн, хэрэгтэй мэдээлэл ихтэй байвал энэ алхмын дараа удаан нухацтай унших арга барилыг хэрэглэнэ. Сайн бичигдсэн номыг цаг гаргаж, яаралгүй хэд хэд дахин унших хэрэгтэй.

Хурдан уншиж суръя
Өнөө үед хэрэгцээт мэдээллийг олж авах нь амин чухал зүйл болоод байна. Хүн мэдээллийн 90 хувийг нүдээрээ харж авдаг. Иймээс мэдээлэл олж авах гол зам нь ном унших явдал юм. Гэвч хэвлэгдэн гарч байгаа ном, хэвлэл асар их болсон болохоор хүн өөрт хэрэгтэй багахаан мэдээллийг олж авахын тулд асар их хэмжээний зүйл унших шаардлагатай. Иймд хурдан унших чадвар нь хүний эзэмших ёстой гол чадваруудын нэг болсон байна. Наполеон минутанд 2000 үг, Бальзак бүтэн романыг хагас цагт, Вүүди Аллен “Дайн ба энх” зохиолыг хорин минутанд уншиж чаддаг байв. Тэгсэн мөртлөө тэд утга санааг нь гайхалтай гүн ойлгож, зарим өгүүлбэр, хэсгийг цээжээрээ иш татаж чаддаг байжээ. Гэвч олонхи хүн ингэж хурдан, үр дүнтэй уншиж чаддаггүй. Yүний учир юу вэ? Хурдан унших чадвар бол оюун ухаанаа дайчилж, анхаарлаа төвлөрүүлэн, хараагаа дасгалжуулж уншсаны үр дүн байдаг. Хурдан уншиж чаддаг болохын тулд дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй:

1.Амандаа үглэн уншвал удаан уншдаг. Учир нь амандаа үглэн уншихад нүд, яриа, сонсгол гэсэн гурван зүйлд тархины үйл ажиллагаа чиглэгдэх болдог ба ингэснээр унших явцыг удаашруулдаг. Энэ дутагдлаасаа салъя гэвэл шүдээ зуусхийж, уруулаа хоёр хуруугаараа барьж байгаад унших хэрэгтэй. Эсвэл үүний оронд үгийг сэтгэлдээ төсөөлөн бодож унших аргыг хэрэглэж болно.
2. Унших явцдаа өгүүлбэрийн хэсэг бүрийн утгыг мэдэх гэлгүй, ерөнхий утгыг нь ойлгохыг хичээх хэрэгтэй.
3. Хэрэгцээгүй жижиг сажиг зүйлийг орхиж, тухайн сэдвийн гол санаа, аль чухал хэсгийг нь онцлон уншиж сурах хэрэгтэй.
4. Уншсан зүйлийнхээ гол тоймыг тодорхойлж сурах хэрэгтэй.
5. Зүүн талаас баруун тийш нь мөрийг дагуулан харалгүй, дээрээс нь доош гүйлгэн харж сур.
6. Нэг харахдаа ганц хоёрхон үг харалгүй, үгийг багц багцаар харахыг хичээ. Сурагч та нэг харахдаа хэдий чинээ олон үг хамарч чадна, төдий чинээ хурдан уншиж чадна.
7. Ном, сонин, сэтгүүл уншихдаа уншсанаа дахин дахин эргэж хардаг муу зуршилтай бол түүнээсээ аль болох түргэн сал. Эргэж харалгүй дандаа урагшлан уншиж хэвшвэл чи илүү анхааралтай байж сурна.
8. Ном уншихдаа чимээгүй намуухан орчинг сонго. Ном унших үед сэтгэлийн зовиургүй, тайван байх ёстой.

Хурдан, ойлгож, тогтоож унших
Олон бүлэгтэй, олон хуудастай номыг хурдан, мөн ойлгож, гол гол утга санаануудыг тогтоож унших нэг аргатай танилцъя. 10 бүлэгтэй, 250 хуудастай номыг жишээ болгон авъя:
1. Унших гэж байгаа номоо бүхэлд нь тоймлон харж, гол нь юуны талаар өгүүлэх гэж буйг тодорхойлох Ойролцоогоор 5-10 минут
2. Номыг гүйлгэн унших: Нэгдүгээр бүлгээс эхлэн сэдвүүдийг гүйлгэн харж, гол гол баримт, санааг тогтоон харж, энэ ном чамд хэрэгтэй эсэхийг олж тогтоо. Тухайн номыг унших шаардлагагүй гэсэн дүгнэлт гарвал эртхэн больж цаг хугацаагаа хэмнэх хэрэгтэй. Бүлэг бүрийн хувьд 3 минут, нийт номын хувьд 30 минутыг энэ үйл ажиллагаанд зарцуулж болно.

3. Энэ номоос юу мэдэж авахаа олж тогтоо Бүлэг бүрийн хувьд 3 минут, нийт номын хувьд 30 минутыг энэ үйл ажиллагаанд зарцуулж болно.

4. Унших явцдаа гол утга санаа нь юу вэ?, Энэ нь хэр бодитой вэ? Дүгнэлт нь хэр зөв бэ? Шинэ зүйл байна уу? Эдгээрээс юу нь надад хэрэгтэй вэ? зэрэг асуултыг өөртөө тавьж хариултыг нь олохыг хичээ. Бүлэг бүрийн хувьд 3 минут, нийт номын хувьд 30 минутыг энэ үйл ажиллагаанд зарцуулж болно.

5. Нэг хуудсыг 15-20 секунд хугацаанд унших хурдтайгаар бүх бүлгийг унш. Бүлэг бүрийн хувьд 8 минут, нийт номын хувьд 80 минутыг энэ үйл ажиллагаанд зарцуулж болно.

6. Ойлгомжгүй, эсвэл ойлгоход төвөгтэй утга санаа гарвал дахин анхааралтай унших хэрэгтэй. Ойлгохгүй байгаа хэсгийг чанга дуугаар уншиж, бусад утга санаатай хэрхэн холбогдож байгааг олж тогтоо. Бүлэг бүрийн хувьд 8 минут, нийт номын хувьд 80 минутыг энэ үйл ажиллагаанд зарцуулж болно.

7. Өөрт хэрэгтэй гэж үзсэн гол гол зүйлсийг тэмдэглэж ав. Бүлэг бүрийн хувьд 10 минут, нийт номын хувьд 100 минутыг энэ үйл ажиллагаанд зарцуулж болно.

8. Сэргээн харах: Маргааш нь өөрийн тэмдэглэн авсан зүйлээ сэргээн харахад 10 минут зарцуул. Долоо хоногийн дараа 5-10 минутыг, сарын дараа 5-10 минутыг тэмдэглэн авсан зүйлээ сэргээн харахад зарцуулах хэрэгтэй. Энэ нь нийт 30 минут болох юм.

Номыг зөв унших соёл

Нэг ижил номыг уншсан ч гэсэн уншигчид нь түүний утга агуулгыг өөрсдийн нас, оюуны хөгжлийн түвшин, хувь хүний онцлог зэргээсээ хамааран харилцан адилгүй ойлгож авдаг. Иймээс сурагч та нар өөрт тохирсон ном зохиолыг сонгож унших ёстой. Өөрт тохироогүй ном унших нь оюуныг ядраах, буруу зүйлд уруу татах зэрэг сөрөг муу талуудтай байдаг. Бас ном унших буруу хэвшлүүд гэж бий. Энэ нь өөрт таалагдсан номыг амралт, завсарлагаагүйгээр удаан хугацаагаар шунан унших, гарт тааралдсан ямар ч хамаагүй ном унших, хэвтэж унших, гэрэл муутай орчинд унших зэрэг үйл ажиллагаа юм. Эдгээрээс шалтгаалж хүний оюун тархи ядран,хараа муудаж, элдэв өвчин эмгэгтэй болно. Мөн учир утгагүй олон ном унших нь хоосон номчирхогч, цэгцгүй мэдлэгтнийг бий болгодог. Ямар ч зорилгогүйгээр их л уншиж байвал болох юм шиг бүү бодоорой. Өөрийн харааг эмчид үзүүлж, хараа муутай бол тохирох шил зүүхгүйгээр ном уншихыг хатуу цээрлэх ёстой. Сурагч та нар аливаа номыг уншихдаа 30 минут уншаад 2-5 минут амарч хэвших хэрэгтэй. Амрах үедээ анхаарлаа өөр зүйлд хандуулж, салхинд гарч, гар нүүрээ хүйтэн усаар угааж, биеийнхээ чилээг гаргах дасгал хийж болно. Нүд, толгойдоо хөнгөн иллэг хийх хэрэгтэй. Ном уншихад уншлагын орчин их чухал. Гэрэл муутай орчинг сонговол хараа муудна. Чимээ шуугиантай орчинд бол анхаарал сарниад уншлага үр дүнгүй болно.