Ном бол ертөнцийг харах цонх мөн.

Tuesday, April 16, 2013

Өргөдөл, ажил байдлын тодорхойлолт бичих заавар зөвлөмж



Өргөдөл.  Энэ нь асуудал шийдэх эрх мэдэл бүхий албан газар, дарга, сайд нарт хувийн хүсэлтээ бичиж, өргөж байгаа албан бичиг юм.
Өргөдлийн загварыг   тодруулбал:
Өргөдлийн эхэнд харилцахыг хүссэн албан газар, албан тушаалтны нэрийн ард  “Танаа” гээд дараах мөрөнд “Өргөдөл гаргах учир нь” гэж голлуулан бичсэнийг өргөдлийн толгой гэнэ. Өргөдлийн эхэнд өөрийн тухай товч, тодорхой танилцуулаад дараа нь уг хүсэлтийг шийдвэрлэхэд холбогдох зүйлийг бичиж, төгсгөлд нь юуг хэрхэн шийдүүлэхийг хүсч байгаагаа бичдэг. Доор нь “Өргөдөл гаргасан:” гээд ажлын болон гэрийн хаяг,  овог нэр, он сар өдөр, шаардлагатай гэж үзвэл харилцах утасны дугаараа бичнэ.
            Өргөдөлд өгүүлсэн баримт нь үнэн, дэс дараа сайтай, нуршуу биш, ойлгомжтой, юу хүссэн нь тодорхой байх ёстой. Өргөдлийг гараар бичсэн байх онцлогтой.

Ажил байдлын тодорхойлолт

            Ажил байдлын тодорхойлолт нь тухайн хүнд ажил төрлийн шалгалтад орох, гавьяа шагналд тодорхойлох, гадаад дотоодын сургууль, курсэд явж сурах, шинэ ажил албанд томилох зэрэгт хэрэгтэй болдог.
Ажил төрлийн тодорхойлолт нь удирдах ажилтан харьяандаа ажиллаж байгаа хүний ажил байдлыг дээд байгууллагадаа албан ёсоор тодорхойлон бичдэг албан бичгийн нэг зүйл. Энэ шинжээрээ дээрх тодорхойлолт магадлагаанаас нэлээд дэлгэрэнгүй бөгөөд үнэлэлт дүгнэлттэй байдаг.  Ажил байдлын тодорхойлолтын бүтэц:

            1.    Намтрын хэсэг
(Хэний хэн, хэдэн онд хаана төрсөн. Ам бүл. Яс үндэс. Төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжил  г.м.)
            2.   Ажлын байдал (Хэдээс хэдэн онд хаана хаана ямар ажил хийж байсан. Одоогийн ажил юу болох ажлын амжилт, гаргасан шинэ санаачлага, бүтээл туурвил г.м)
            3.   Гавьяа шагнал (Хэзээ хэзээ юуны учир ямар гавьяа шагнал, цол, зэрэг хүртсэн)
            4.   Төлөвшил, ааш зангаар ямар хүн болох тухай удирдлага, хамт олны үнэлгээ)
            5.   Үнэлэлт(Юуны тулд тодорхойлж байгаа шалтгаан)-г бичих бөгөөд тодорхойлолтын дор тодорхойлсон хүний албан тушаал, гарын үсэг, тамга байна. Зарим тохиолдолд хэд хэдэн байгууллага, хүний хамтарсан тодорхойлолт байж болдог. Тийм үед тэдний албан тушаал, гарын үсэг, тамга байна.

Баримт      
            Баримт нь ямар нэг албан газрын ажилтан удирдлагадаа болон санхүүгийн албанд хандан, юуны учир, ямар хэмжээний юуг яах гэж байгааг бичдэг албан бичиг юм. Жишээлбэл, баяр ёслол, тэмцээн уралдааны үйл ажиллагаанд зориулан уриа, далбаа хийх, самбар гаргахад шааардлагатай хэрэглэгдэхүүнийг хүсэх, санхүүгээс мөнгө авах, санхүүд мөнгө тушаах гэх мэт. Баримтын толгойд аль албан газарт болон хэнд хандан баримт гаргаснаа тодорхойлсон байх бөгөөд төгсгөлд нь баримт гаргасан хүний ажил, албан тушаал болон хаяг, овог нэр, баримт гаргасан он, сар, өдрийг бичнэ. Баримтын хэмжээ нь гол төлөв нэг өгүүлбэр, догол мөрөөр байх тул бичил эхийн нэг болно.
 



No comments:

Post a Comment